Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Тус төвийн дарга С.Ариунболд тэргүүтэй 14 эмч, мэргэжилтэн, буяны компанийн эрх бүхий ажилтан болох 11 хүнийг эл хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм. Хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд 103-ынхан өгдөг байж. Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргээд ар гэрийнхнээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө хахууль авсан хэрэгт тус төвийнхнийг буруутгаж буй билээ. Уг нь эл хэргийг 2022 онд шалгаж дууссан ч прокурорын байгууллагаас нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар дахин мөрдөн байцаалт явуулаад ийнхүү шилжүүлсэн аж. Энэ хэрэгт ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэрийг бас шалгаж байсан билээ.