2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан, хятадын талтай тохиролцох ажлыг удирдан зохион байгуулж, 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.