Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд, доктор Арно Вики-тэй Швейцарын Холбооны Улсын нийслэл Берн хотноо уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байна. Энэ удаа “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг эхлүүлж, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхээр болсонд туйлын баяртай байна гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа бүтээлч санаачилга, эрч хүчээр дүүрэн байж, Монголд парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.
Мөн Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд болж буй Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд илтгэл тавьж, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ”-ний үр дүн, туршлагаа 60 гаруй улс орны парламентуудтай хуваалцсанаа танилцуулав. Ийнхүү олон улсад сайн туршлагаа хуваалцаж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг илтгэж байгааг дурдаад талархал илэрхийлэв.
Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, доктор Арно Вики хэлсэн үгэндээ, Швейцарын Холбооны Улс, Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх нийтлэг үнэт зүйлсийн хүрээнд олон жил үр дүнтэй хамтран ажиллаж байна. Өнөөдөр ч мөн адил Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх чиглэлээр шинэ төсөл эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол бидний урт хугацааны хамтын ажиллагааны тасралтгүй үргэлжлэл хэмээн онцоллоо.
Түүнчлэн Монгол Улсын төр засгаас Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйд талархаж явдгаа илэрхийлээд хамтарсан төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжихэд хоёр талын идэвх зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотголоо.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хоорондын “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.
Тус төслийн гэрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, доктор Арно Вики нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол, Хятадын асуудал хариуцсан хөтөлбөрийн менежер Кристиан Энглер, тус агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх С.Алтанхуяг болон албаны бусад төлөөлөгчид оролцов.
2024-2026 онд хэрэгжүүлэх “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төсөл нь парламентын ардчиллыг бэхжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын хууль тогтоомж, бодлогын үнэлгээ хийх чадавхыг сайжруулах, парламентын хяналтыг хэрэгжүүлэх үр дүнтэй арга, аргачлал нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газарт ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газарт ажиллаж, Техникийн хамтын ажиллагааны нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.
Хоёр талын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ирсэн юм.
Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд парламентаас сонгуулийн тогтолцоонд зохих шинэчлэлийг хийсэн. Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76-аас 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг шинэчлэхээр ажиллаж буй талаараа танилцуулаад парламентын хяналтыг бэхжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийллээ.
Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан, Швейцарын Холбооны Улсын Тамгын газрын дарга ноён Филипп Шваббтай уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн асуудлыг хөндөж ярилцсан юм