Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгож, “5Ш ажиллагаа” хэмээгчийг сүр дуулиантайгаар эхлүүлснээ зарласан билээ. Түүний нэг нь “Шүүр” нэртэй. Энэ нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд тал тохой татан томилохгүй байх нөхцөл бүрдүүлэх, авлига, албан тушаалын хэрэгтэнд заавал хариуцлага тооцох, холбогдсон хүнийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх зорилготой гэж тухайн үед Засгийн газраас мэдээлж байв. Харамсалтай нь, энэ ажиллагаа төдийлөн үр дүнтэй байж чадаагүй. Эмч, багш зэрэг төрийн үйлчилгээнийхэн, гаалийн байгууллагад ажиллаж буй залуучуудад л халтай байснаас биш, эрх мэдэлтнүүдийн найз нөхөд, садан төрөл, “цүнх баригчид” “шүүр”-дүүлээгүй. Тухайлбал, Шадар сайдын харьяалдаг байгууллагуудад эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс ажилласаар.
Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгтээ гурван шатны шүүхээс ял шийтгүүлчихсэн. Гэтэл саяхныг болтол түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй. Дадлагын оюутан охиныг зодож, хамрыг нь хугалсан хэрэгтээ ял шийтгүүлсэн хурандаа З.Баттулга Улсын онцгой комиссын Ажлын албанд бас ажиллаж л байна. “Генерал аавтай болохоор “шүүр”-дүүлдэггүй” гэж ярих хүмүүс ч онцгой байдлын байгууллагад бий. Өөр бусад байгууллагад ч энэ мэт ял шийтгүүлсэн, эсвэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүс цөөнгүй. Тухайлбал, О.Магнай нарт холбогдох авлигын хэрэгт ШШГЕГ-ын хурандаа цолтон шалгуулан, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнсэлж чадахгүй удааширсаар л байдаг. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөтэй холбоотой авлигын хэргийн яллагдагч Ц.Даваацэрэнг ажиллуулсан хэвээрээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж буй Л.Алтангэрэл авлигын хэрэгт ял шийтгүүлчихсэн атлаа төрд ажиллаад зогсохгүй, Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртсэн шүү дээ.
“Шүүр” ажиллагааг Б.Баасандорж даргатай, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хэрэгжүүлж байгаа гэдэг. Гэвч “шүүр”-дүүлэх ёстой албан тушаалтнуудын хажуугаар “нүдэн балай, чихэн дүлий” өнгөрдөг бололтой. Арга ч үгүй биз. Удирдлагад нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгүүлсэн хүн ажиллаж буй. Магадгүй авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй учраас ажиллуулж байгаа гэдэг тайлбар өгөхийг үгүйсгэхгүй. Тэгвэл Засгийн газрын гишүүний зөвлөхөөр авлигын хэрэгт ял шийтгүүлсэн хүн ажилласаар байгаа баримтыг энд хүргэе.
Төрийн албаны тухай хуулийг С.Бямбацогт сайд үл ойшоосон бололтой
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болсон Авлигын эсрэг үндэсний чуулганд оролцохдоо “Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрх зүйн зохицуулалттай болгоно” гэж байв. Шүүхээр шийтгүүлсэн албан тушаалтнуудыг төрд ажиллуулахгүй байх эрх зүйн орчин угтаа бүрдчихсэн. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн төрийн албан тушаалд тавих нийтлэг шаардлага буюу 22.1.3-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” хэмээн заасан. Ийм хуультай атал Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт түүнийг үл ойшоосон. Өөрөө ч “шүүр”-дүүлэх ёстой сайд хуулийн эл заалтыг зөрчин, авлигын хэрэгт ял шийтгүүсэн хүнийг албан тушаалд томилчихоод буй.
Сайдын хувьд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын дунд “цохиж” явсан нэгэн. Хууль, шүүхийн байгууллагаар шийтгүүлээгүй учраас түүнийг орхиё. Гэхдээ С.Бямбацогт сайд “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтны эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгтээ МБА-нд шалгуулж эхэлсэн ч тэгсхийгээд сураггүй болсон. Албан бус мэдээллээр “жавтий хүртээсэн” албан тушаалтантайгаа эвлэрч, хохирогч нь “гомдолгүй” хэмээснээр хэргийг хаасан юм билээ. Мөн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас орос, хятадуудтай нийлж гянтболд олборлон, хууль бусаар хилээр гаргахдаа албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэрэгт холбогдуулан эрхэм сайд, УИХ-ын гишүүнд хэрэг бүртгэлтийн хэрэг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нээсэн байдаг. Энэ нь ч бас ч “чимээгүй” болчихсон. Өөрөө ч, тойрон хүрээлэгчид нь ч “Шүүр” ажиллагаанд хамрагдах ёстой атал ийнхүү “дабл стандарт” тогтчихсон.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж 2023 оны дөрөвдүгээр сарын 27-нд хэвлэлийн хурал хийх үедээ “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу дарга нарт “Шүүр” ажиллагаа хамааралтай. Ирэх долоо хоногоос удирдах албан тушаалтнуудыг шалгаж эхлэх гэж байгааг танилцуулъя. Авлига, албан тушаалын хэрэг холбогдчихоод байхад чөлөөлөөгүй дарга нар ч бий. Энэ ажиллагаа арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Хууль зөрчсөн дарга нарт хатуу арга хэмжээ авна. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой” хэмээн мэдээлсэн юм даг. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш даруй гурван сарын хугацаа өнгөрчхөөд байгаа билээ.
Гэтэл С.Бямбацогт сайдын зөвлөх Д.Эрдэнэбат төрийн албанд ажиллах ёсгүй атлаа улс төрийн албан тушаалтан гэх хэргэм дор татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж сууна. Тэрбээр ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, “Чингис хаан” нисэх буудлын программ, сүлжээний инженерээр ажиллаж байхдаа “Электрон системс” компаниа үүсгэн байгуулж, түүгээрээ дамжуулан их хэмжээний мөнгө завшсан М.Батболд нарт холбогдох хэргийн хамсаатан юм. Өнөөгийн “Буянт-Ухаа”, тухайн үеийн “Чингис хаан” нисэх буудалд зорчигчийн бүртгэл, хяналтын цогц систем суурилуулах тендерийг 2011 онд шалгаруулж, “Азиател” гэх компанийг шалгаруулан тоног төхөөрөмж, программ хангамжийг нь авч ашиглаж эхэлсэн байх үед дээрх хүмүүс 2012 онд ижил төрлийн үйлчилгээ авах тендер зарласан байдаг. Шинээр зарласан тендерийн үнэлгээний хорооны даргаар тухайн үед ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын ерөнхий менежер Д.Эрдэнэбатыг томилсон юм. Улмаар эл тендерт М.Батболдын үүсгэн байгуулсан “Электрон системс” ХХК-ийг шалгаруулж, нэг тэрбум 62 сая гаруй төгрөгийг шилжүүлжээ.
Уг мөнгөө Британийн Виржинийн аралд байгуулсан “Медиа саммит лимитед” гэх компанийн Хонконг дахь HSBC банк дахь данс руу шилжүүлж, “Голомт” банкны дансаар буцаан авч угаасан гэх хэрэгт холбогдсон түүхтэй. Тэдэнд хамаарах хэргийг 2014 оны наймдугаар сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэн шийдвэрлэж, С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгө завшсан, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, зургаан жил зургаан сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх тогтоол гаргаж байв. Мөн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял ч шийтгэсэн юм. Уг хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны арваннэгдүгээр сард хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн 2015 оны хоёрдугаар сарын 18-нд хэлэлцээд “С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн, М.Батболд нь хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэв” гэжээ. Улмаар С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарын эд хөрөнгө завшсан, М.Батболдын мөнгө угаасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Эцэст нь эл гурван шүүгдэгчийг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасан, тус бүрийг нь 14 сая 40 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Ташрамд дурдахад, “Электрон системс” ХХК-ийнхан ИНЕГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, тоног төхөөрөмжийн үнэ хэмээн нийт 388 сая гаруй төгрөг гаргуулахаар 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байж. Хариуд нь ИНЕГ-ынхан тус компаниас нэг тэрбум 62 сая төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл бичиж байсан аж. Нэхэмжлэгч хувийн аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөгийн ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат шүүх хуралд оролцсон бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм.
Дээрх эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн талаар дэлгэрэнгүй бичсэний учир нь “шүүр”-дүүлэх ёстой албан тушаалтан Д.Эрдэнэбат Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод зөвлөж буйг тодотгох гэснийх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг төрд ажиллуулахгүй” гэсэн бодлогыг Зам, тээврийн хөгжлийн сайд нь үл ойшоож буй гэлтэй. ИНЕГ-ын албан тушаалтнуудын дунд “Д.Эрдэнэбат Ч.Мөнхтуяа нар АНУ руу нислэг үйлдэх Засгийн газрын бодлогыг далимдуулахыг оролдож байж болзошгүй. Богино хугацаатай тендерийг нууцхан, монгол хэлээр удаа дараа зарласан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гурав дахь удаад нь шууд гэрээ байгуулж болдог. Үүнийг ашиглан хэн ч мэдэхгүй компанитай шууд гэрээ байгуулж, 1.8 тэрбумыг салхинд хийсгэж ч болзошгүй” гэсэн яриа гарсан юм. ИНЕГ-аас “Монгол Улсаас АНУ руу тогтмол нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ нь АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын олон улсын аудит шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах, бэлтгэл ажлыг хангуулахад зөвлөх үйлчилгээ авах” гэсэн 1.8 тэрбумын өртөгтэй тендерийг хялбаршуулсан журмаар гэсэн тодотголтойгоор зарласан ч үр дүн гараагүй хэмээн цуцалчихсан. Уг тендерээ ирэх сарын 3-нд шалгаруулахаар дахин зарлаад байна. Энэ удаа өмнөх алдаагаа засаж, англи хэлээр нэмэлт мэдээлэл оруулжээ. Гэхдээ энэ богинохон хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гадаадын аж ахуйн нэгжүүд бичиг баримтаа ирүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй. Эл тендерийг заавал зохион байгуул гэсэн үүрэг, чиглэлийг С.Бямбацогт сайд ИНЕГ-ын Хөрөнгө оруулалтын газрынханд өгсөн учраас түргэн, түүхий ажил хийх гээд байгаа бололтой.