Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагалдуулж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулсан байна. Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ. Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээс зээл олгох, түүнийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь хариуцах заалт оруулсан аж. Анхан шатны, дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөл бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг ч үүгээр зохицуулжээ.