Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг элэгний D вирусний халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ. Тэрбээр энэ талаараа мэдээлэл хийлээ. Монгол Улсад элэгний вирусний халдварын тархалт өндөр байгаа. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдвартай иргэдийн 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг аж. D вирусээр өвдсөн 66 мянга орчим хүн бий. Тэднийг үе шаттай эмчлэхийн тулд гурван төрлийн сонголт, боломж нээхээр ЭМЯ ажиллаж буй юм байна. ДЭМБ-ын бүртгэсэн интерферон эмийг оруулж ирэх тендер зарласан ч зарим улс төрч, мөн төрийн бус байгууллагынхан “Уг эм гаж нөлөө ихтэй учраас Монголд оруулж ирж болохгүй” хэмээн эсэргүүцсэн гэлээ. Тиймээс тендер шалгаруулах ажлыг түр зогсоожээ. Үүнээс гадна хэдийгээр ДЭМБ бүртгээгүй ч Европын Холбоо хүлээн зөвшөөрч, ОХУ болон АНУ-д хэрэглэж буй эм, тариа байгаа гэнэ. ОХУ-ын mircludex эмийг зөвхөн дотооддоо борлуулах зөвшөөрөлтэй хэрэглэж буй учраас Буриад улсад очиж эмчлүүлэх монгол иргэдэд D вирусний эмчилгээ хийх зөвшөөрөл олгох талаар холбогдох хүмүүстэй нь хэлэлцээ хийж буй, ирэх долоо хоногт гарын үсэг зурна гэдгийг тэрбээр онцолсон. Уг эмийн сарын турш хэрэглэх өртгийг бууруулж, таван сая орчим төгрөг байхаар тохирч буй юм билээ. Мөн АНУ-ын “Gilead” компанитай яриа хэлэлцээ хийж байгаа гэнэ. Тус компанийн үйлдвэрлэж буй эмийн өртөг сарын 10-12 мянган евро байгааг найм дахин бууруулах хүсэлтийг манай талаас тавьжээ. С.Чинзориг сайд “D вирусээр өвдсөн хүмүүсийн олонх нь тэтгэврээс өөр орлогогүй, өндөр настан байгаа. Халдварт өвчний зардлыг төрөөс даахаар Эрүүл мэндийн тухай хуульд тусгасны дагуу шийдвэрлэхээр ажиллаж буй. Эрүүл мэндийн сайдын багцад “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх төсөв гэж энэ онд долоон тэрбум төгрөг хуваарилсан. Өнгөрсөн жилийн үлдэгдэл 5-6 тэрбум төгрөг бий. Уг төсвөөр ондоо багтааж D вирусний эсрэг эмчилгээг эхлүүлнэ. Үүний тулд дээрх эмүүдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг батлах хэрэгтэй. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ” гэв.
Мөн эрүүл мэндийн салбарын долоон төрлийн тусламж, үйлчилгээний мэдээллийг “E-Mongolia” системд нэгтгэхэд бэлэн болжээ. Эхний ээлжид өчигдрөөс бүх төрлийн жороор бичдэг эмийн мэдээллийг байршуулсан байна. Үүнд иргэдийн нэг жилийн хугацаанд бичүүлж авсан жорын мэдээллийг багтаасан аж. Мөн дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, вакцинтай холбоотой мэдээлэл, амбулаториор үйлчлүүлдэг болон жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтын карт, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг дээрх системд ирэх тавдугаар сарын 4 хүртэл үе шаттай байршуулах нь.
Бэлтгэсэн С.Үүл