Монгол Улс автозамын боомтыг анх удаа 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах туршилтыг амжилттай хэрэгжүүллээ. Тодорхой хэлбэл, Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг энэ сарын 16-31-нийг хүртэл 24 цагаар ажиллуулж байна. Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм.
БНХАУ нийт 315 боомттой. Үүнээс авто замын 180 орчим боомт үйл ажиллагаа явуулж буйгаас ОХУ-той хиллэдэг Манжуурын автозамын боомт 24 цагийн горимоор ажилладаг. Тэгвэл Замын-Үүд боомтын энэхүү туршилт амжилттай үргэлжилбэл БНХАУ-ын хувьд Эрээний боомт хоёр дахь 24 цагийн ажиллагаатай автозамын боомт болох юм.
18 цагаас хойш буюу шөнийн цагаар ажилласан дээрх хугацаанд Замын-Үүд автозамын боомтоор нийт 1348 автомашин нэвтэрсэн хэмээн Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням мэдээллэв.