Хачигт халдварын байгалийн голомт ирэх сараас идэвхжиж эхлэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс анхаарууллаа. Уг өвчний байгалийн голомт нь 4-10 дугаар сард идэвхтэй байдаг бөгөөд дээрх хугацаанд ойд аялж зугаалах иргэд сэрэмжтэй байх, ялангуяа хачигт хазуулсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй аж. Мөн ой бүхий бүс нутагт байнга ажиллаж, амьдардаг иргэд хачигт энцефалитын вакцин хийлгэхийг зөвлөв. Манай орны найман аймгийн 17 сум уг өвчний байгалийн голомттой гэнэ. Үүнд Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг ой бүхий аймгийн нутаг дэвсгэр хамрагддаг юм байна.
Манай улсад хачигт халдварын сэжигтэй тохиолдол жилд ойролцоогоор 500-600 бүртгэгддэг гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүн хачигт хазуулдаг аж. Өнгөрсөн оны тухайд 500 гаруй хүн хачигт хазуулснаас 27 нь энцефалитаар өвчилж, гурав нь нас баржээ. Урин дулаан цаг эхлэхээр орон нутагт аялах, ууланд алхах хүний тоо нэмэгддэг нь хачигт халдварын эрсдэлийг ихэсгэдэг. Ялангуяа ойд аялж зугаалж яваа иргэд уг өвчний талаар сайн мэдэхгүйгээс болж халдвар авах нь элбэг гэнэ.
Ташрамд дурдахад, хачгаар дамждаг хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит гэсэн гурван төрлийн өвчин манайд бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс хачигт энцефалит нь хамгийн хүнд хэлбэрээр илэрдэг, хүний мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг, улмаар нас барах эрсдэлтэй өвчин юм.
Бэлтгэсэн М.Оч