Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан тус улсын Засгийн газраас 215 мянган канад долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор харилцааны түвшинг шат ахиулж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Мөн харилцааны шинэ эрин эхэлж буй энэ үед Канад Улс ийнхүү Монгол Улсад тусламж үзүүлж байгаад Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Элчин сайд Сандра Шуфани цаг зав гарган уулзсан Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ажиллахаа уламжлав. Тусламжийн хандивыг Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан хүргүүлэх юм байна.