УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга Н.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв. Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлт, тус намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, үзэл баримтлалыг нь өчигдөр бүлэгтээ танилцуулсан аж. Мөн Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй байгаль, цаг уурын нөхцөлийг даван туулах тухай нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд дэмжжээ.
Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ирээдүйн өв, хуримтлалын, хөгжлийн гэсэн гурван сантай байхаар тусгасан байна. Ирээдүйн өв санд АМНАТ-ийн 65 хувийг 2030 он хүртэл хуримтлуулж, үүнээс хойш бүтээн байгуулалтын төслүүдэд зориулах аж. Хуримтлалын санг уул уурхайн компаниудын төрд ногдох эзэмшлийн 34 хувиас бүрдүүлэх нь. Тухайлбал, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг компани дахь төрийн эзэмшлийн 34 хувийн орлогыг тус санд хуримтлуулах юм байна. 2023 оны санхүүгийн үзүүлэлтээр уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашиг 1.1 их наяд төгрөг байх тооцоо гарсныг Д.Амарбаясгалан сайд хэлж, цаашид өсөх боломжтой гэв. Уг сангийн хөрөнгийг орон сууц, боловсрол, эрүүл мэндийн салбарт бэлэн бусаар зарцуулна гэдгийг тэрбээр онцолсон. Мөн Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн санг нэгтгэж, Хөгжлийн сан байгуулах гэнэ. Үүнд тухайн жилийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлэх замаар бүтээн байгуулалт, хөгжлийн ажилд хөрөнгө оруулах аж.
Дээр дурдсан хуулийн төслийн хүрээнд мал аж ахуйн салбарт тулгамдсан асуудлыг цогцоор шийдэх, тэр дундаа малчдад 100 хувийн баталгаа гаргах Зээлийн батлан даалтын сан байгуулахаар тусгажээ. Малчид 500-гаас дээш тооны малтай байж арилжааны банкнаас зээл авах нөхцөл бүрддэг, энэ нь тоо толгойг өсгөх, улмаар бэлчээрийн даац хэтрэх, мал тарга бүрэн авахгүй, зудад нэрвэгдэх шалтгаан болж байна гэж үзсэн аж. Төр зээлийн баталгаа гаргаж, малчдад 50 хүртэл сая төгрөгийн зээл олгох юм байна.
Мөн тариалан эрхлэгчдийн төлөөлөл бүлгийн хуралдаанд оролцсон гэнэ. Засгийн газраас өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Гурилын импортын татварыг тэглэх талаар уг төсөлд тусгасныг МАН-ын бүлэг дэмжжээ. Түүнчлэн МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр 73 хувьтай хэрэгжсэн тухайд Н.Тогтохсүрэн гишүүн “Энэ дүгнэлтийг бид өөрсдөө гаргаагүй. Засгийн газар мөрийн хөтөлбөрийн биелэлтээ гаргаад ҮАГ-т өгсөн. Тэд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийг дүгнээд 73 хувьтай байна гэсэн гүйцэтгэлийн аудит гаргасан. Шинэ мөрийн хөтөлбөрт аудитаас дүгнэлтээ хийгээгүй учраас одоо дэлгэрэнгүй ярих, цалинг хэдэн хувиар нэмэхээр тусгасан тухай хэлэх боломжгүй” гэсэн юм.