Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн 27 нам, хоёр эвсэл энэ сарын 25-нд багтаан мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлэв. МНН, МҮАН-ын Үндэсний эвсэл нэг “хань”-тай болжээ. МУНН, Шинэ нам хамтран Шинэ нэгдсэн эвсэл байгуулсан аж. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацааг ирэх сарын 26-28-ны хооронд хэмээн заасан. Гэвч нэг сарын өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ хэмээн тусгасан байна. Мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулаагүй нам, эвсэл сонгуульд оролцох боломжгүй. Тиймээс ирэх сонгуульд энэ тооны нам, эвсэл оролцоно гэсэн дүр зураг гарлаа гэж ойлгож болох юм. ИЗНН-ын уриалгын дагуу хамтарна гэж байсан намууд дангаараа мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.
Мөн Зон олны намынхан ҮАГ-т сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Эрх чөлөөний эвсэл нам нэрээр хүргүүлсэн байна. Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд намынхаа их хурлыг хийж, нэрээ дээрх байдлаар өөрчилсөн гэнэ. Улс төрийн намын тухай хуулийн 6.8-д заасны дагуу намууд нэр өгөх, өөрчлөхдөө Дээд шүүхийн Тамгын газраас лавлагаа авдаг. Үүний дагуу тус намынхан лавлагаагаа авч, дээрх нэр давхардаагүй гэдгийг баталгаажуулжээ. Улмаар Эрх чөлөөний эвсэл нам болгон нэрээ өөрчлөх хүсэлтээ гаргасан байна. Хуулийн дагуу Дээд шүүх хүсэлт гаргаснаас хойш 30 хоногт багтаан нэрийг өөрчлөн бүртгэх, эсэхээ шийдэх юм.
Бэлтгэсэн С.Уул