Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн. Удахгүй хоёр жилийнхээ ойтой золгох уг арга хэмжээг үргэлжлүүлэх үү, эсвэл зогсох уу гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаас тодрууллаа. Тэрбээр “Эрт илрүүлэг дуусахгүй, цаашид ч үргэлжилнэ. Иргэд хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар 30-ны А/379 дүгээр тушаалаар Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журмын дагуу ийнхүү шийдвэрлэсэн. Иргэд хувийн хэвшлийн 19, аймаг, улсын нэгдсэн эмнэлэгт үзлэгт хамрагдах боломжтой” гэв.
Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 1 351 546 хүн эрт илрүүлэгт хамрагдсан аж. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 40 хувь нь оношилгоо хийлгэсэн байна. Үзлэгт хамрагдсан 1 028 330 хүн өвчилсөн нь батлагджээ. Тэдний 57.1 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 13.8 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчтэй байжээ. Үлдсэн хувийг бусад төрлийн өвчин эзэлсэн аж.
Бэлтгэсэн Б.Энхзаяа