Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох нэг хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаалт явуулж дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тэрбээр өмнө нь албан тушаалаа ашиглан “Алтай групп” ХХК-ийн 50 тн улаан буудайг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдож байсан юм. Уг хэрэгт нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон. Гэвч Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж байсан билээ.
Тэгвэл энэ удаа Б.Винтов эрх мэдлээ ашиглан БНХАУ-ын иргэнд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 14-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлснээ албан ёсны цахим хуудсандаа мэдээлэв. Тэдгээр хэргийн нэг нь дээрх гаалийн байгууллагын албан тушаалтантай холбоотой үйлдэл аж. Бидэнд олдсон мэдээллээр Б.Винтов нь БНХАУ-ын иргэний үүсгэн байгуулсан “Агро мийт” гэх компанийн нэр дээр дулааны аргаар боловсруулсан 23 тээврийн хэрэгсэл бүхий 575 тонн ямааны махыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохдоо их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон аж. Тус компани нь хуурамч бичиг баримт ашиглан гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн гэх мэдээлэл бий.