Монгол Улс 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа билээ. Тус зорилтын хүрээнд Өмнөговь аймаг "Эрдмийн хишиг” аяныг 16 дахь жилдээ Цогт-Овоо суманд зохион байгуулав. Аянд ерөнхий боловсролын 17 сургуулийн монгол хэл, бичгийн 94 багш, 152 суралцагч, 28 сонирхогч оролцож, мэдлэг оюунаа уралдуулж, хамтран суралцах, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион явууллаа.
Бага, дунд, ахлах ангийн суралцагчдын эх хэлний “Эрдмийн хишигтэн”, хичээнгүй бичигтэн кирилл хос бичиг, уран бичигтэн, монгол хэл, уран зохиолын багш нар болон насанд хүрэгчдийн дунд хичээнгүй бичигтэн, уран бичигтэн зэрэг төрлүүдээр аваргуудаа шалгаруулж, “Түүчээ хамт олон”, “Түүчээ багш”, “Түүчээ сурагч”-ийг мөн тодруулжээ.
Ахлах ангийн суралцагчдын төрлийн тэргүүн байрт Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн сурагч А.Энхриймаа, дэд байрт Цогтцэций сумын сургуулийн сурагч Б.Нандинцэцэг, гутгаар байрыг Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн сурагч О.Нандин-Эрдэнэ нар эзэлсэн бол дунд ангийн төрөлд Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн сурагч Г.Дөлгөөнгүнж, дэд байрт Даланзадгад сумын хоёрдугаар сургуулийн С.Гоомарал, гутгаар байрт Цогт-Овоо сумын сургуулийн сурагч Э.Амин-Эрдэнэ шалгарчээ.
Харин сонирхогчдын төрөлд Даланзадгад сумын тавдугаар сургуулийн ажилтан И.Цогзолмаа, Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн мэргэжилтэн Х.Энхбат, Цогт-Овоо сумын сургуулийн ажилтан Т.Эрдэнэцэцэг нар шалгарлаа.
Түүчээ хамт олноор Даланзадгад сумын тавдугаар сургууль, Түүчээ сурагчаар Манлай сумын сурагч Б.Хүслэн, Түүчээ багшаар Ханбогд сумын хоёрдугаар сургуулийн багш З.Оюумаа нар тодорлоо.