Өмнөговь аймгийн зарим сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлэхээр болсон нь “Нүүрсний” хэргийн нээлттэй сонсголын үеэр тодорхой болсон билээ. Үүнээс улбаалан хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлийг Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүргүүлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн юм. Тэднийг Ханбогд сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
Тэднээс гадна Өмнөговь аймгийн Газрын албаны болон Цогтцэций сумын албан тушаалтнууд ч хууль зөрчин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд нэгэн компанид их хэмжээний газар олгосон нь тодорхой болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, эл компанийн эзэмшлийн талбайд Цогтцэций сумын Засаг дарга захирамж гарган 2022 оны тавдугаар сард “Рэйлвэй көүл менежмент” ХХК-д 23.2 га газар олгосон аж. Энэ талаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнханд ч мэдэгдээгүй байж. Д.Нацагдорж, Г.Батцэрэн хэмээх эцсийн өмчлөгчтэй, автомашины зогсоол, кэмпийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр 2022 оны хоёрдугаар сард байгуулагдсан “Рэйлвэй көүл менежмент” ХХК-ийнхан Цогтцэций сумын I багийн нутаг, Тавантолгой-Гашуун-сухайт чиглэлийн төмөр зам дагуу дээрх хэмжээний газрыг эзэмшсэн гэнэ. Газрын болон Ашигт малтмалын тухай хууль зөрчин “Эрдэнэс Тавантолгой компанийн эзэмшлийн найман лицензтэй талбайд газар олгосон үйлдэлд Өмнөговь аймгийн Газрын албаны эрх бүхий албан тушаалтан З.Мөнхцэцэг болон сумын Засаг дарга тэргүүтэй хэд хэдэн хүнийг холбогдуулан мөрдөн шалгаж дууссан байна. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлжээ.