Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд үргэлжилнэ. Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар оролцож байна.
Олон Улсын Парламентын Холбоо энх тайван, олон улсын аюулгүй байдлыг 2024 он хүртэл баримтлах стратегийн бодлогынхоо гол чиглэл болгон сонгосон. Энэ удаагийн Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг “Парламентын дипломат ажиллагаа: Энх тайван, ойлголцлын гүүрийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд өрнөж, ОУПХ-ны гишүүн орнууд аливаа мөргөлдөөн, үл ойлголцлоос урьдчилан сэргийлэхэд парламентуудын гүйцэтгэх үүргийг үнэлж, бүс нутгийн болон олон улсын түвшинд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, туршлага, саналаа солилцлоо. Тухайлбал, Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны хурлаар “Өөрийн удирдлагат зэвсгийн систем ба хиймэл оюун ухааны нийгэм, хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөлөлд анхаарах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бол Тогтвортой хөгжлийн байнгын хороогоор “Уур амьсгалын үйл ажиллагааны түншлэл: Хямд өртөгтэй ногоон эрчим хүчний хүртээмжийг дэмжих, инновац, хариуцлага, тэгш байдлыг хангах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тогтоол гаргана.
Олон Улсын Парламентын 148 дугаар Ассамблей нь Нэгдсэн хэлэлцүүлгийн үндсэн сэдвийн хүрээнд үр дүнгийн баримт бичгийг батлах бөгөөд ОУПХ-ны бүтцийн бүх байгууллага болох Удирдах зөвлөл, Байнгын хороод, Парламентын гишүүдийн хүний эрхийн болон Ойрх Дорнодын асуудлаарх хороод, Эмэгтэй парламентчдын болон Залуу парламентчдын форум уулзалт тус тус болно.
Монгол Улс, Олон Улсын Парламентын Холбоонд 1962 онд гишүүнээр элсэж, 1992 оноос Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаар Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хөгжих эхлэл тавигдсан юм. Монголын парламент Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейд гишүүнээр элссэнээс хойших өнгөрсөн 57 жилийн хугацаанд зохион байгуулсан чуулга уулзалтуудад нийтдээ 80 гаруй удаа төлөөлөгчөө илгээж, бүхий л хуралдаан, үйл ажиллагаанд тэр дундаа хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.
Дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо нь анх 1889 онд Франц Улсын нийслэл Парис хотноо байгуулагдсан бөгөөд өдгөө 178 орны парламент, 14 хавсарга (бүс нутгийн парламентын холбоо) гишүүнтэй. Тус холбоо нь улс орнуудын парламент болон парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулж ирсэн.