АН-ын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөв
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт хүлээн авч дууслаа. Төрийн аудитын, УИХ-ын сонгуулийн болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг өнгөрөгч 22-ноос авч эхэлсэн юм. Өчигдрийн 21.00 цагийн байдлаар улс төрийн 28 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байв. Үүнд Иргэдийн оролцооны нэгдэл нам, Ард түмний олонхын засаглал нам, Зүй ёс нам, Монгол шинэчлэлт нам, Эх орон нам, Ард түмний хүч нам, ХҮН, Монголын либериал ардчилсан нам, Иргэний хөдөлгөөний нам, Эх орончдын нэгдсэн нам, Үнэн ба зөв нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Социал демократ нам, АН, Үндэсний эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Шинэ нэгдсэн эвсэл (МУНН, Шинэ нам), Монгол консерватив нам, Дэлхийн монголчууд нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, БНН, Их эв нам, Монголын хүний төлөө нам, Монголын либериал нам, ИЗНН, Хөгжлийн хөтөлбөр нам, МАН багтаж буй бөгөөд 00.00 цаг хүртэл мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан юм.
МАН: НЭР ДЭВШҮҮЛЭХ ЖУРМАА БАТЛАВ
Үндэсний аудитын газар дүгнэлт гаргахтай холбоотойгоор намууд өнгөрсөн өдрүүдэд хуралдаж, дүрмийнхээ дагуу шийдвэр гаргах байгууллагаараа мөрийн хөтөлбөрөө баталсан юм. Тухайлбал, МАН Бага хурлын III хуралдаанаа бямба гарагт хийж, мөрийн хөтөлбөрөөс гадна нэр дэвшүүлэх журмаа эцэслэжээ. Эрх баригч намын тухайд иргэд, олон нийтээс санал авах ажлын хэсгийг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулж, цаасаар, цахим хэлбэрээр болон биечлэн хүргүүлэх боломж бүрдүүлсэн гэнэ. Мөн иргэний нийгмийн байгууллагуудаас саналыг нь авч, улсын хэмжээнд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 40 гаруй мянган санал авчээ. Харин нэр дэвших хүсэлтэй гишүүдэд хэд хэдэн шаардлага тавьж байгааг тус намын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар онцолсон. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд нэр дэвшүүлэхгүй гэнэ. Тус хороо нэр дэвших хүсэлтийг авч эхэлсэн бөгөөд Удирдах зөвлөлдөө уламжлан, улмаар Бага хурлын дараагийн хуралдаанд танилцуулах аж.
ХҮН намын Төлөөлөх зөвлөл энэ сарын 20-нд хуралдаж, мөрийн хөтөлбөрөө баталжээ. Тус намын дарга Т.Доржханд “Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хот, орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтуудаас саналыг нь тусгаж, мэргэжлийн холбоод, салбаруудын саналыг хүлээн авсан. Мөн гадаадад суугаа монголчуудынхаа саналыг тусгасан нь онцлог болсон” хэмээв.
АН “БҮТЭН МОНГОЛ, БҮРЭН АРДЧИЛАЛ” 9+90+900-ЭРЧИМТ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖЭЭ
АН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гишүүд, дэмжигчдийнхээ саналыг авах “Бүтэн ардчилал” үндэсний аян өрнүүлсэн. Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан эл аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчдээс гадна салбарын судлаач, мэргэжлийн холбоодоос саналаа ирүүлсэн аж. Ийнхүү эх орны өнцөг булан бүрээс олон хүний саналыг авч, нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг ҮБХ-ныхоо хурлаар хэлэлцэн баталжээ. Тус намын дарга Л.Гантөмөр “АН-ын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань есөн бүлэгтэй. Заавал хийх есөн зорилттой. Заавал хийж, үр дүнд нь Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох есөн зорилт юм. Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэгбүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Иймээс бид энэ удаагийн сонгуульд стратегийн есөн заалт, есөн бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9+90+900 хөтөлбөр”-өө дэвшүүлж байна” хэмээн онцлов.
АН-ын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өчигдөр хүлээлгэн өгөх үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр “АН-ын хувьд УИХ-ын сонгуулийн, Улс төрийн намын тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу энэ удаагийн мөрийн хөтөлбөрөө баталж, хүлээлгэн өгч байна” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр “АН-ын хувьд “Бүтэн ардчилал” сэдвийн дор эдийн засгийн форумуудыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Техникийн ажлын хэсэг байгуулж, Монгол орноо бүтэн тойрч, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагуудаас 5100 гаруй санал хүлээн авсан. Тэдгээрийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Өнгөрсөн найман жил хүнд цаг хугацаа байлаа. Нийгмийн хөгжлийг гацаасан, ухраасан найман жилийг нөхөхийн тулд бидэнд эрчимт хөгжлийн бодлого хэрэгтэй. Иймээс бид нийгмийн бүхий л салбарыг хамруулсан, мэдлэг, шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжихүйц, мөрийн хөтөлбөр гэхээс илүүтэй, ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, хүлээлгэн өглөө” хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь “Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, 1000 гаруй баг, хорооноос ард иргэдийн саналыг цахимаар болон шууд уулзалтаар намын бүтцийн байгууллагууд хүлээж авсны үндсэн дээр мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Монгол орон даяар уулзалт, хэлэлцүүлгүүд хийх үеэр гаргасан саналуудыг дахин шүүж, хэлэлцэн баталсан” гэв. Түүнчлэн тэрбээр “Манай намын хувьд ес дэх сонгуульдаа оролцох гэж буй туршлагатай. Өмнө нь АН эрх барьж байх үед хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөр Монгол Улсад эрх чөлөө авчирсан, хүний эрх, хувийн өмчийг дээдэлсэн, бизнес эрхлэх бололцоог өндөр хэмжээнд авчирч байсан түүхтэй. Харамсалтай нь, өнгөрсөн найман жилд бүх зүйл буруугаар эргэж, намын тогтолцоот үйл ажиллагаа явагдаж байгааг улс даяар бараг 100 хувь хэлж байна шүү дээ. Хүний эрх, хувийн өмчийн асуудал, бизнесийн эрх чөлөө яасан бэ. Төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгоно гэсэн чинь бүр эсрэгээрээ байна шүү дээ. Төрийн өмч “бөөгнөрөхөөрөө” хүн дээр суурилсан авлига бий болдог. Олон улсын судалгаагаар Монгол Улс ардчиллын индексээрээ олон байр ухарсан нь харагдаж байна. Авлигад өртсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна. Энэ бүх асуудлыг бид эхлээд маш богино хугацаанд буюу гурван сард засъя гэж байгаа. Засгийн газрыг зохистой түвшинд нь цомхон байлгана. Эдийн засгийг богино хугацаанд сэргээх, ард түмний хүсэн хүлээсэн хөдөө аж ахуйн, аж үйлдвэрийн сэргэлт зэрэгт анхаарна. Монгол төр, монгол иргэн өргүй болно. Монгол төрийн дарамт гэж байхгүй болно, бизнесийн орчин сэргэнэ. Төрийн өмчийг богино хугацаанд олон нийтийнх болгоно. Авлигачид 40 их наядаар нь иддэг биш, ард түмний хөрөнгө өсөх ёстой. Дээр нь энэ жил түүхэнд байгаагүй зуд болж байна. Маш олон айл өрх амьжиргаанаасаа саллаа. Иргэдээ урт хугацаанд малжуулах бодлого хэрэгжүүлнэ гэх мэтчилэн тодорхой зорилт тусгасан” хэмээн онцолсон юм.
Тэгвэл АН-ын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн “Бид нэгдүгээрт, хүнээ дээдэлсэн, хоёрдугаарт, эдийн засгаа аврах, гуравдугаарт, төрийн алдаа завхралыг засъя гэсэн онцлогтой мөрийн хөтөлбөр боловсруулсан. 2016-2024 онд МАН засагласан үед Монгол Улс олон индекс, үзүүлэлтээр ухарсан. Тухайлбал, авлигын индексээр 2012 онд 74 дүгээр байрт байсан бол одоо 121-т бичигдэж буй. Энэ бүхнийг харгалзан МАН засагласан найман жилийн хугацааг алдагдсан найман жил гэж үзээд, үүнийг маш хурдан засах оновчтой мөрийн хөтөлбөр боловсруулсан. Өмнөх сонгуулиудад намууд мөрөөдлийн жагсаалт буюу хэрэгждэггүй зүйлсийг мөрийн хөтөлбөртөө тусгадаг байсан. АН-ын хувьд бүгдийг нь хэрэгжүүлж болохуйц, шийдэл олсон, тухайлбал, Улаанбаатарын утаа, түгжрэлийг яаж шийдэх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж чадсан мөрийн хөтөлбөр боловсруулсан” гэж тодотголоо. АН-ынхан үүнийг боловсруулахдаа 25 мянган км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, 79 мянган гишүүнийхээ саналыг тусгажээ. Бас 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудынхыг ч тусгасан аж.