Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4 дүгээр улирлын тайланд 771.1 мянган ажиллагчдыг хамруулжээ. Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2023 оны 4 дүгээр улиралд 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн. Гэвч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 59.1 хувиар нэмэгджээ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагч, тэдний цалин, орлогыг дараах бүлгүүдэд хувааж, 2023 оны 4 дүгээр улирлын дүнг 2022 оны 4 дүгээр улиралтай харьцуулахад бага цалинтай даатгуулагчийн эзлэх хувь буурсан байх юм. Харин 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн эзлэх хувь нэмэгдсэн дүн гарчээ.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны гуравдугаар улирлаас 3100-гаар тус тус өсжээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн олонх нь боловсрол, жижиглэн худалдаа, үйлчилгээний салбарын ажилтнууд байна.
Тодруулбал:
- 112900 нь боловсролын салбар,
- 112800 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар,
- 79300 нь төрийн удирдлага, батлан хамгаалах салбар,
- 45700 нь уул, уурхай олборлолтын салбар,
- 29500 нь санхүүгийн болон даатгалын салбар,
- 27700 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх салбар,
- 131900 нь бусад салбарт харьяалагдаж байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынхны цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг.
Мөн хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 3.3 сая төгрөг байна. Харин бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин улсын дунджаас 64 500-1 203 800 мянган төгрөг 2.9 -53.9 хувиар бага.
Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 500007 төгрөг буюу 20.2 хувиар илүү байна. Эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын улсын дундаж цалингийн зөрүү 2021 оноос хойш тогтмол өсжээ. Нөхөрлөл, хоршоо болон төрийн бус байгууллагад ажиллагчдын хувьд эмэгтэйчүүдийн цалин өндөр, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийн цалин өндөр гарчээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар зэвсэгт хүчний ажил, мэргэжилтэй хүмүүсийн сарын дундаж цалин хамгийн их буюу 3 сая төгрөг. Харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.3 сая төгрөг буюу хамгийн бага байна.
Эх сурвалж: ҮСХ