Зудад өртсөн малчдад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар Монголын улаан загалмай нийгэмлэг өчигдөр мэдээлэв. Тус нийгэмлэгийнхэн одоогоор 21 аймгийн 7200 малчин өрхөд нийт 3.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Үүнд бэлэн мөнгө, хүнс, ариун цэврийн багц, малын эрдэст тэжээл зэргийг багтаажээ. Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Олон улсын улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сан, АНУ, Австрали, БНХАУ-ын Засгийн газар, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын дэмжлэгээр малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Цаашид иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, дотоодын нөөц бололцоог ашиглан 10 мянган малчин айлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ малчдын амьжиргааг дэмжих, зудын хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулна” гэв. Түүнчлэн зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос дэлхийн хэмжээний уриалга гаргаж, хөрөнгө босгох ажлыг эхлүүлээд буй гэнэ.