Цахим орчин, олон нийтийн сүлжээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хэд хэдэн хүнийг цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж шалгаж эхэллээ. Тухайлбал, “Poker paradise” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулдаг А.Сонинбаяр, О.Батбаяр нарыг энэ сарын 20-нд саатуулсан гэнэ. Энэ үеэр мөрийтэй тоглоом тоглуулахдаа ашиглаж байсан суурин болон зөөврийн компьютерууд, “Iphone-15”, “Samsung”, “Huawei” загварын нэлээд олон тооны гар утас, ipad, иргэдээс шилжүүлэн авсан 40 гаруй сая төгрөгийг хураан авчээ. Мөрийтэй тоглуулж иргэдийг донтуулан луйвардсан мөнгөө зохион байгуулагчид нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгодог нь шалгасан хэргүүдээс тодорхой болсон байдаг. Нэр дурдсан сэжигтнүүдийг саатуулах үед ч хамаарал бүхий 10 гаруй хүний нэр дээр дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх найман үл хөдлөх хөрөнгө, 30 тээврийн хэрэгслээ шилжүүлсэн байж болзошгүй гэж үзэж тэдгээрийг нь битүүмжилжээ. Түүгээр ч зогсохгүй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй 10 гаруй иргэний харилцах дансан дахь 957 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг ч хязгаарлаад буй аж. Өөрөөр хэлбэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11.1-т “Хийхээр хүлээгдэж байгаа гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой гэж үзэх үндэслэлтэй бол Санхүүгийн мэдээллийн албаны дарга тухайн гүйлгээг ажлын гурав хүртэл өдрийн хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх уг хугацааг сунгаж болно” гэж заасныг үндэслэн иргэдийн дансан дахь мөнгийг царцаасан гэнэ.
Дээрх хоёр сэжигтнээс гадна цахим сүлжээнд хэд хэдэн клуб ажиллуулдаг У.Тамир, Э.Азбаяр, Э.Амарсанаа гэх хүнийг баривчлан шалгаж байна. Тэднээс олон тооны гар утас, суурин болон зөөврийн компьютерууд, 300 орчим сая төгрөг, дөрвөн тэрбумаар үнэлэгдэх нуугдмал хөрөнгийг хурааж битүүмжилжээ.