АН-аас “4-11” мэдээллээ өчигдөр хийж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийллээ. Тус намаас зудад нэрвэгдсэн малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёрдугаар сараас “Амь нэгтэй монголчууд” аян өрнүүлж буй. Улсын хэмжээнд 20 аймгийн 200 гаруй сумд зудын гамшиг нүүрлэж, 4.7 сая мал хорогдсон гэсэн мэдээлэл бий. Мөн зудын дараа хаваржилтийн нөхцөл хүндэрч буй тул тэд дээрх аянаа ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. Гишүүн Ц.Туваан “Малчид банканд нийт 3.1 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс зөвхөн зудад нийт малынхаа 50-иас дээш хувийг алдсан малчдын зээлийг тэглэх, хөнгөлөх санал гаргаж буй юм. Мөн малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд төсөв хөрөнгө шаардлагатай. Эдгээр ажилд нийт гурван их наяд орчим төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог бид хийсэн. ХНХ-ын сайд малжуулах хөтөлбөрт зарцуулах 20-30 тэрбум төгрөг байгаа гэсэн. Энэ мөнгө хүрэлцэхгүй. Тиймээс хаврын чуулганаар энэ оны улсын төсөвт тодотгол хийж уг асуудлыг шийдэх нь зөв” гэлээ. Малаа алдаж сэтгэл санаагаар унасан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Засгийн газраас бодлогоор үзүүлэхийг тус намынхан хүсэж буй юм.
Түүнчлэн АН-ынхан “Бүрэн ардчилал” сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 30 мянга гаруй гишүүн, дэмжигч болон 25 төрийн бус байгууллагаас санал авчээ. Тэдний олонх нь нийгмийн даатгал болон бусад татварын шимтгэлийг бууруулах, төрийн дарамтыг багасгахад анхаарч ажиллахыг хүссэн байна. Тус намынхан мөрийн хөтөлбөртөө иргэд, төрийн бус байгууллагын гаргасан саналаас тусгаад бэлэн болгосон, энэ сарын 24-нд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ хэмээн мэдэгдлээ.
Бэлтгэсэн С.Уул