Өмнговь аймгийн Далазадгад хотноо Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "ЦАХИМД ХЭВШЬЕ" арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион явууллаа.
Тус арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний дата төв, E-Mongolia, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг төрийн цахим үйлчилгээ, цахим шилжилтийг голлон хариуцан яваа байгууллагуудын төлөөлөл ирж сургалт, зөвлөлгөөн өрнүүллээ.
Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд мэдээлэл харилцаа холбооны хатуу дэд бүтэц буюу суурь сүлжээг бий болгоход онцгойлон анхаарсны үр дүнд Монгол улсын хэмжээнд эхний байрт явааг арга хэмжээнд оролцсон төлөөлөгчид онцолж хөгжлийн дараагийн алхам болох зөөлөн дэд бүтэц, иргэд рүү чиглэсэн программ хангамж, платформуудыг үйлдвэрлэж эхлэхийг зөвлөж байлаа.
Мөн Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир нар "Цахим Өмнөговь" нэгдсэн платформыг эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өмнөговь аймгийн Мэдээллийн технологийн ажилтнуудын холбоо ТББ-аас Даланзадгад хотноо баригдаж буй өгөгдөл хадгалах Дата төв, мэдээлэл технологийн паркийн талаар Үндэсний дата төвийн мэргэжилтэнгүүдтэй санал солилцож цаашид хамтран ажиллах эхлэлийг тавьлаа.