ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх багш, судлаачдын холбооныхон “Өсвөр үеийнхний эрүүл мэндэд электрон тамхины үзүүлэх нөлөөлөл” кампанит ажил зохион байгуулжээ. Үүний хүрээнд суурь судалгаа явуулж, хот, хөдөөгийн 11-18 насны 667 суралцагчийг хамруулан, электрон тамхины талаарх мэдлэг, мэдээллийг нь тандсан байна. Тэднээс 458 хүүхэд үүнийг хэрэглэдэггүй, харин 209 нь татдаг гэж хариулжээ. Судалгаагаар 14-16 насныхан электрон тамхи хамгийн их хэрэглэж буйг тогтоосон аж. Үүнийг хэрэглэгчдийн 60 хувийг эрэгтэй, үлдсэнийг нь эмэгтэй хүүхдүүд эзэлжээ. Хэрэглэхэд нөлөөлж буй зүйлсийг нь тандахад найз нөхөд, гэр бүлийн хэн нэгэн гишүүн нь тэдний хажууд электрон тамхи татдагаас шалтгаалсан гэсэн хариулт цөөнгүй байсан гэнэ. Электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүдийн 90 хувь сүүлийн нэг жилийн хугацаанд татахаа зогсоох гэж оролдсон, харин 10 хувь нь огт оролдоогүй гэнэ. Түүнчлэн дэлгүүрийн худалдагч тэдний насыг асуулгүйгээр тамхи зардаг гэсэн байна.
Уг судалгаанаас үзэхэд өсвөр насныхны мэдлэг, мэдээлэл хангалтгүй, элетрон тамхины хэрэглээ өндөр болохыг тогтоож, үүний эсрэг өргөн хүрээтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Бэлтгэсэн: Б.Энхзаяа