Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор салбартаа тэргүүлэн манлайлж ажилласан алба хаагчдыг шагналаа.
Хилийн цэргийн 0131 дүгээр ангид 1979 оноос хойш хилийн заставууд болон отрядад 45 жил албан үүрэг гүйцэтгэсэн ахмад хилчин Ц.Намсрайдорж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 27 дахь жилдээ ажиллаж буй МБТ-ын дарга, Цагдаагийн дэд хурандаа А.Түмэнбаяр нарт аймгийн Засаг дарга хүндэтгэл илэрхийлэн шагналыг нь гардууллаа.
Өмнөговь аймгийн хэмжээнд цэргийн хүрээний байгууллагад нийт 1500 гаруй алба хаагч ажиллаж байна.
Ахмад хилчин Ц.Намсрайдорж
Монгол цэргийн баярын өдрөөр энэхүү том шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. 1976 оны 7 дугаар сарын 18-нд цэргийн тангараг өргөснөөс хойш тангаргийнхаа үзэл бодол, үг үсгэнд үнэнч зүтгэж явсныг минь 0131 дүгээр анги, Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олон дэмжсэн юм. Та бүхэндээ баярлалаа. Би Монгол улсынхаа хилийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд нийтдээ 48 жил зүтгэжээ.
Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн улаан хошууны заставыг 1979 онд оцон мааньтаас нүүхэд нь анх нүүлгэлцэж өнөөгийн байгаа байрлалд нь шилжүүлж байснаас хойш 45 жил болжээ. Отрядын штабт 10 гаруй жил ажилласан. Мөн Гашуунсухайтын заставт 4 жил ажилласан. Ингээд харахаар Монгол Улсынхаа хилийг хамгаалахаар амьдралынхаа ихэнх хугацааг хилийн зурваст өнгөрүүлжээ.
Ажиллах хугацаандаа нийт 6 заставын даргаар ажилласан байна. Та бүхэндээ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан ахмадууд, одоо албан үүргээ гүйцэтгэж байгаа залуучууддаа, хилийн цэргийн 0131 дүгээр ангийн шилдэг бие бүрэлдэхүүндээ халуун баяр хүргэж, амжилт бүхнийг ерөөе. Монгол цэргийн сүр хүч мандан бадартугай.