Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна. Ингэснээр асрамжийн газрын хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм.
Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ. 2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байна. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм.