Өнөөдрийн байдлаар зургаан сая мал хорогдоод байна. Үүнийг дагаад олон тооны малчин өрх амжиргаанаасаа салах эрсдэлд орсон учраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буй 107 тэрбум төгрөгөөс малчдад урт хугацаатай, хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно.
Мөн цаг уурын сөрөг нөлөөллийг даван туулах хуулийн төсөл боловсруулж, өргөн барих шийдвэрт хүрчээ. Нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөлд долоон арга хэмжээг онцлох юм байна. Тодруулбал, уламжлалт мал аж ахуйг хадгалж, хамгаалах, арилжааны банкуудтай хэрхэн холбох, өвөлжөө хаваржааг урт хугацаанд эзэмших, малчны хотонд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг асуудлыг багтаажээ. Мөн төрийн татаас, дэмжлэгийг хоршооны тогтолцоотой уялдуулах, залуу малчдыг сургах тухай дурдах юм.