Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан мэдээллийг хүргэж байна. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль болон шинэ дагуул хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоол зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулах шийдэлд хүрлээ. Улмаар УИХ-ын хаврын чуулганаар батлана. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Х.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарсан. Дээрх хуулийн төслийн хүрээнд гурван сан байна. Нэгд, Ирээдүй өв санд АМНАТ-ын 65 хувийг 2030 хуримтлуулж, бодлогын дагуу зарцуулна. Хоёрт, Хуримтлалын нэгдсэн сан байгуулна. Иргэн бүр өөрийн данстай, боловсрол эрүүл мэндийн чиглэлд зарцуулах боломжийг олгоно. Гуравт, хөгжлийн сан байгуулна. Бүс нутгийн хөгжлийн санг хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор тус санг байгуулахаар боллоо. 2023 оны татварын үзүүлэлтээр хараха тогтворжуулалтын санд 1.2 их наяд төгрөг бүрдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчит компаниуд ногдол ашгийнхаа 34 хувийг хуримтлуулна гэсэн үг. Тодруулбал, “Оюутолгой” ХК-ийн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” компаниар дамжуулан эзэмшиж буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 72 хувиас 34 хувийн ногдол ашгийг хуримтлуулна. Мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 34 хувийн ногдол ашгийг хуримтлуулах юм” гэж тодотголоо.
“Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсэг танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн олон улсад экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын махны нөөцийг зохих хувиар нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох хүмүүмт үүрэг болголоо. Мөн,
· Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.
· Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· 2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
· Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.
· Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгууллаа.