Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна. Дээд түвшний уулзалтад БНСУ-ын Eрөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Шадар сайд Оливер Доуден болон Эстони, Швед, Шинэ Зеланд, Энэтхэг, Австрали зэрэг 30 орчим улсын гадаад харилцаа, цахим засаглал, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн сайд нар оролцож байгаа аж.
Сайд Н.Учрал “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Хүртээмжтэй нийгэм” сэдвээр үг хэллээ. Тэрбээр “Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри манай эх орныг “Ардчиллын баян бүрд” хэмээн хэлж байлаа. Бид ардчиллыг бэхжүүлж мэдэх эрхийг хангуулахаар “Шилэн” нэртэй ил тод байдлын анхны нэгдсэн платформыг олон нийтэд танилцуулсан. Энэхүү платформд 13 сая гаруй удаа хандсан бөгөөд улсын хэмжээнд, ялангуяа засгийн газрын хөрөнгийн зарцуулалтын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, 27 сая гаруй ам.долларын зээлтэй тэнцэх 92 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлжээ. Энэ нь Монголын ард түмэн технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүрч байгаагийн тод жишээ юм” гэлээ.
Эх сурвалж: ЦХХХЯ