Дорнод аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, цаг агаар муудсанаас иргэд автомашинтайгаа цасанд суух, төөрөх, улмаар амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн нутаг, Сайхан булаг хэмээх газарт зорчиж явсан суудлын автомашин цасанд суусны улмаас зорчиж явсан дөрвөн иргэний нэг нь амиа алдсан золгүй явдал энэ сарын 18-нд гарчээ. Тэрбээр тусламж эрэх зорилгоор машинаасаа бууж яваад төөрсөн бөгөөд онцгой байдлын албаны аврагчид түүний цогцсыг дуудлага хүлээн авснаас зургаан цагийн дараа, тээврийн хэрэгсэл нь цасанд сууснаас хоёр км-ийн зайтай газраас олсон гэнэ.
Дорнодын Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сумын Тархитын хошуу хэмээх газар дахь нэгэн айлаас энэ сарын 16-нд гараад сураггүй болсон, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат 48 настай иргэнийг эрэн хайх ажиллагааг өчигдөр 06.45 цагт эхлүүлээд байв. Тухайн иргэн сураггүй болсонтой холбоотой дуудлагыг ойр дотнынхон нь хоёр өдрийн дараа цагдаа, онцгой байдлын байгууллагад өгчээ.