Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн Монгол Улсад анх удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац тавих мэс заслыг амжилттай хийжээ. Тус эмнэлгийн эмч нар БНХАУ-ын зочин профессор Чанчин Лютэй хамтран уг мэс заслыг хийсэн байна. Эмч нарын баг уналт таталт оноштой, долоон настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас зургаан настайгаасаа өвдсөн, олон эмд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай иргэнд эл эмчилгээг хийсэн байна. Эмчлүүлэгч хагалгаа хийлгэснээс хоёр хоногийн дараа энгийн тасаг руу шилжсэн бөгөөд өдгөө биеийн байдал нь сайн тул дээрх эмчилгээ амжилттай болсон гэж дүгнэжээ.
Тэнэгч мэдрэлийг өдөөх эмчилгээг вагус хэмээн нэрлэдэг аж. Энэ нь гавлын ясыг нээхгүйгээр, хүзүүний хэсгийн арьсан доор тэнэгч мэдрэлийг цочроох хэрэгсэл суулган, цахилгаан өдөөлт хийх замаар эпилепсийн уналт таталтыг хянаж, бууруулдаг, өвчтөнд зовуурь, эрсдэл багатай, дэвшилтэт технологи аж. Олон улсад эл эмчилгээг өргөнөөр ашигладаг юм байна.
Бэлтгэсэн М.Оч