Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд дээрх орнуудад айлчилсан байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар багтсан аж. Тэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Сенатын Ерөнхийлөгч Хуан Мигель Ф.Зубирид бараалхаж, хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлэн, улс төр, нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцжээ. Филиппин улс 2018 оноос татварын суурь шинэчлэлийг эхлүүлж, 2033 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж. Айлчлалын хүрээнд манай түшээд тус улсын Төлөөлөгчдийн танхимын Төсөв, татварын байнгын хорооны дарга Жой Салсида, Сангийн сайд Ральф Гонзалэс Ректо, Төсөв, санхүүгийн дэд сайд болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Карло С.Адриано нартай уулзаж, уг шинэчлэлийн талаар мэдээлэл авч, санал солилцжээ.
Мөн гишүүд Тайландын Хаант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн хурлын дарга Понпетч Вичитчолчайд бараалхсан байна. Энэ уулзалтаар төсвийн эрх зүйн орчин, татварын бодлого, хууль тогтоох дээд байгууллага хоорондын болон цаашдын зорилтот ажлуудын талаар хэлэлцэж, хоёр орны найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлж, харилцан туршлага солилцох, олон талт чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Бэлтгэсэн С.Уул