Бид гэр бүл, ойр дотнынхон, эрхэм, хайртай хүмүүстээ “Биеэ бодоорой” гэж хичээнгүйлэн захидаг. Энэ нь угтаа өөрийгөө хайрлаарай, эрүүл мэнддээ санаа тавиарай гэсэн үг юм. Тэгвэл орчин цагт “Сэтгэлээ хайрлаарай” хэмээн бие биедээ хэлэх нь илүү тохиромжтой, мэдрэмжтэй, үндэслэлтэй, амьдралтай захиас болохоор байна.
Нийгэм, цаг үеийн хурдтай хөгжил, хотжилт, төвлөрлөөс үүдэлтэй бэрхшээлүүд, жилээс жилд өсөн нэмэгдэж буй зах замбараагүй хэрэглээ, завгүй, давчуу амьдралын хэмнэлд хүн төрөлхтөн сэтгэлээ тарамдуулж, гэмтэж, шархалж гүйцлээ. Зөвхөн нийгэм, ахуйн асуудлуудаас болж дэлхий дахинд олон мянган хүн сэтгэл зүйн эмгэгт өртөж, өөрийгөө, эрүүл мэндээ алдсаар байна. 21 дүгээр зууны хамгийн уршигтай, хүчтэй халдвар бол сэтгэлийн өвчин хэмээн судлаач, мэргэжилтнүүд анхааруулах боллоо.
Сэтгэлээ хамгаалснаар, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарснаар нийгмээс, хүрээлэн буй орчноос ирж буй олон төрлийн хорон “вирус”-нээс өөрийгөө хамгаалж, бие махбодоо өвдөхөөс сэргийлэх боломжтой. Эрхэм баян эрүүл мэнд гэдэг. Тэгвэл эрүүл энх, өвчин зовуурьгүй байх үндэс нь сэтгэл аж. Сэтгэл өвдвөл бие зовуурилна. Сэтгэл зүйн эрүүл мэндээ үл хайхрах нь биеэ гаргуунд, амиа золионд гаргаж буйгаас өөрцгүй. Бие, сэтгэл хоёр арга билиг шиг холдуулж салгахын аргагүй шүтэн барилдлагатай оршдог гэнэм. Нүдэнд харагдаж, гарт баригддаг махан биеэ л тордож, анхаарах нь өвчний оношийг тогтоогоогүй атлаа шинж тэмдэгтэй нь тэмцэхтэй ижил хэмээгдэх. Тиймээс сэтгэл гэдэг эрхтнийг эрүүл энх, аз жаргалтай амьдралаас салгаж ойлгох, ярих үндэсгүй ажээ.
Сэтгэл зүйн эмгэг нийгмийн тулгамдсан асуудлын түвшинд хүрсэн тул орчин цагийн хүмүүс энэ талаар маш их ярьдаг болж. Сайн хэрэг. Гэвч сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, ямар алхам хийх талаар төдийлөн мэддэггүй байна. Тоогүй хэрэг. Тэгвэл хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь мэдрэмжээ илэрхийлэх, өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, аливаа харилцаанд хил хязгаар тогтоох, зөв дадал хэвшүүлэх, байгальд ойр байх, өөртөө тохирох тайвшрах аргыг олох, дуртай зүйлдээ цаг гаргах гэнэ. Харин илүү хүндээр өвдөж, зовуурь, шаналал мэдэрч буй бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь хамгийн оновчтой юм байна. Та сэтгэлээ хайрлаарай.