Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан үндэсний дээд лигийн 2023-2024 оны финалын тоглолт өндөрлөлөө. “Хасын хүлгүүд” багийнхан “Бишрэлт металл”-ын тоглогчдыг цувралын тав дахь тоглолтод хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 81:67-гоор буулган авав. Ингэснээр тэд найм дахь удаагаа аваргын цом өргөж, 500 сая төгрөг гардав. Улирлын тоглолтыг амжилт тааруухан эхлүүлсэн тэд плей-оффт цойлж, “Гарьдууд”-ын тамирчдыг 4:3, “Уурхайчид”-ыг 4:1, финалын шатанд хүчтэй өрсөлдөгч “Бишрэлт металл”-ынхныг 4:1-ээр хожсон юм. Дээд лигт аваргын төлөө өрсөлдсөн “Бишрэлт металл”-ынхан дэд байр эзэлж, мөнгөн медаль, 250 сая төгрөгтэй харьсан. Дээрх хоёр баг Улаанбаатарт “UG аrena”-д ирэх сарын 3-7-нд болох Азийн аваргуудын лигт оролцоно.