УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярилцжээ. Энэ талаар мэдээлэл хийсэн тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах шаардлагатай. Баялгийн сангийн тухай хуулийг ойрын хугацаанд Засгийн газраас өргөн барина. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлага үүсэж байна. Үүнээс гадна хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн хуулийн төслүүд бий. Хаврын чуулган зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд эдгээр төслийг хэлэлцэн батална” гэв.
Түүнчлэн тэд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар Засгийн газраас мэдээлэл сонсжээ. Улмаар зудын эрсдэлийг бууруулах, малжуулах бодлогын төслөө танилцуулахыг Засгийн газар үүрэг болгосон байна.