АН-ын бүлгийн ээлжит хуралдааны талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын гишүүд мэдээлэл хийв. Цөөнхийн бүлгийн дарга “Өнгөрсөн найман жилд Монгол Улсын төсөв тав дахин өссөн ч иргэдийн амьдралын түвшин өөрчлөгдсөнгүй. Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээрээ байна” гэсэн бол гишүүн Ц.Туваан “Эрх баригчид хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Гэтэл мал аж ахуйн салбар уналтад орж дууслаа. Маш олон өрх хотоо харлуулж, эрхэлдэг аж ахуйгаасаа салж байна. Тиймээс бид малчдын зээлтэй холбоотой асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, малжуулах хөтөлбөрийг дорвитой хэрэгжүүлэх хүсэлт тавьж байна. Одоо цас хайлж, шар усны үер болж, мал хээлтэх үеэр хорогдол улам нэмэгдэнэ. Ийм хүндрэлүүдийг эрх баригчид мэдсээр байж хуруугаа ч хөдөлгөхгүй юм. Өвс, тэжээл өгөхөөс илүү түүнийг тээвэрлэх зардлыг нь шийдвэрлэж өгөхийг иргэд хүсэж байна” хэмээн шүүмжлэв.
Мөн гишүүн Д.Ганбат засаг төрийг барьж байгаа хүмүүс гамшиг, эрсдэлд бэлтгэлгүй байгааг дурдаад, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардлаа.