Хүүхэд хүнсээ бус, “хариуцлага” дагуулан ирдэг. Монголчуудын амнаас ам дамжин уламжлагдаж ирсэн “Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэх эл үг орчин цагт “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ” хэмээх хэлц рүү хөрвөж байна уу гэлтэй.
Манай улсын хүн ам 2023 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.5 сая болж, өмнөх жилийнхээсээ 47 мянга гаруйгаар өссөн байна. 1000 хүнд оногдох төрөлт өмнөх оноос 0.6 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Төрөлт буурч буй энэ үзэгдэл зөвхөн Монголд бус, дэлхий даяар ажиглагдаж буй. Үүнд нөлөөлж буй нийтлэг хэд хэдэн шалтгаан бий. Тэр дундаа хүүхэд өсгөх зардал эрчимтэй нэмэгдэж буй нь төрөлт буурахад шууд нөлөөлж байгаа аж.
Өнгөрсөн оны байдлаар БНСУ хүүхэд өсгөхөд хамгийн өндөр зардалтай орнуудыг тэргүүлсэн. Тус улсад төрөлт өнгөрсөн онд хамгийн доод хэмжээндээ хүрч, төрийн бодлогын түвшинд авч хэлэлцэх асуудал болсон билээ. Дэлхий дахинд төрөлтийн эзлэх хувиар хамгийн бага орон бол БНСУ. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл Өмнөд Солонгосын хүн амын тоо 2100 он гэхэд хоёр дахин буурна гэсэн тооцоолол бий. Гэсэн ч тус улсын хүн ам төрөлтийг дэмжих бус, харин ч эсэргүүцэж байна гэхэд хилсдэхгүй. Учир нь гэр бүлтэй 300 иргэн, түүний дотор 150 эрэгтэй, 150 эмэгтэйгээс судалгаа авахад оролцогчдын 37 хувь нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд сард 1-1.5 сая вон нэн шаардлагатай гэж үзжээ. Энэ нь манайхаар бол 2.5-3.7 сая төгрөг юм. Тэгвэл БНСУ-ын хөдөлмөр эрхлэгчдийн сарын дундаж цалин ойролцоогоор 3.9 сая вон буюу 9.8 сая орчим төгрөг. Тэгэхээр хөдөлмөр эрхлэгчид орлогынхоо тал орчим хувийг хүүхдэдээ зарцуулах шаардлагатай гэсэн үг. Тус улсын “Чосун илбо” сонинд мэдээлснээр хүүхдийг 18 нас хүртэл өсгөх зардал ойролцоогоор 271 957 ам.доллар орчим аж. Энэ нь 688 сая орчим төгрөг болох юм.
Хүүхэд өсгөх зардал өндөртэй орнуудын хоёрдугаарт Хятад улс эрэмбэлэгдэж байна. Тус улсад хүүхдийг 18 нас хүртэл өсгөх дундаж зардал 94 мянга орчим ам.доллар гэнэ. Энэ нь зөвхөн хүүхдийг өсгөх зардал бөгөөд боловсрол эзэмшүүлэх буюу бакалаврын зэрэг олгоход тухайн мэргэжлээс хамааран хувийн их, дээд сургуульд 40 мянга орчим ам.доллар зарцуулдаг гэх судалгаа байна. Ингэхээр нийтдээ 134 мянган ам.доллар буюу 452 сая орчим төгрөг болно. Хүүхэд өсгөх зардал өндөр, өрсөлдөөн ихээс гадна эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт эрчимтэй нэмэгдсэн нь тус улсыг хамгийн өндөр өртөгтэй улсуудын тоонд оруулжээ.
Жагсаалтын гуравдугаар байрт Итали улс эрэмбэлэгдэж буй юм. Итали бол хүний хөгжлийн индексээр 17-д ордог, өндөр хөгжилтэй улсуудын нэг. Тус улсын даатгалын facile.it сайтад мэдээлснээр хүүхэд төрснөөс хойш эхний нэг жилийн хугацаанд 3500 гаруй евро зарцуулдаг гэжээ. Энэ нь зөвхөн эхний нэг жилд зарцуулах мөнгөн дүн юм. Эцэг, эхчүүдийн жилийн орлого хэд байхаас шалтгаалан дээрх дүн харилцан адилгүй. Гэсэн хэдий ч дундаж орлоготой гэр бүлд хүүхдийг төрөхөөс 18 нас хүртэл өсгөхөд ойролцоогоор 63 мянган евро зарцуулдаг гэх судалгаа бий. Энэ нь 231 сая орчим төгрөг болох бөгөөд үүнээс гадна боловсрол эзэмших зардал ч багтах юм. Энэ нь гэр бүлүүд, ялангуяа бага орлоготой, өрх толгойлсон эцэг, эхэд илүү их дарамт учруулдаг аж. Эцэг, эхчүүд орлогоо ихэвчлэн орон сууц, хоол хүнс, хувцас, эрүүл мэнд, боловсрол болон бусад зардалд зарцуулдаг байна.
Харин манай улсын хувьд хүүхэд анх бүрэлдсэн цагаас эхлэн хоол, тэжээл, эрүүл мэнд, боловсрол зэрэгт ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулж буйг тогтоосон албан ёсны судалгаа хараахан алга. Харин нэгэн ээж өөрийн жишээн дээр тулгуурлан хүүхэд өсгөх зардал 18 нас хүртэл 200-250 сая орчим төгрөг зарцуулж байгааг хэвлэлээр ярьжээ. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн жишээ. Бодит байдалд монгол гэр бүл болгон хүүхдэдээ ийм хэмжээний хөрөнгө зарцуулж чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн