Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн тамирчдын дэлхийн чансааг шинэчлэн танилцууллаа. Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүдээс 50 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгонжаргал 47 200 оноогоор II байрт эрэмбэлэгдэв. Түүний өмнө Токиогийн олимпын аварга, Японы алдарт бөх Юи Сүсаки жагсан, чансааг тэргүүлж байна. Манай бөх “Белград-2022”, “Белград-2023” ДАШТ-д түүнтэй аваргын төлөө зодоглож, ялагдсанаар хошой мөнгөн медаль хүртэж байв. Тэгвэл 68 кг-д Э.Дэлгэрмаа 46 000 оноотой мөн дэд байрт жагссан. Эл жинд “Белград-2023” ДАШТ-д түүнтэй алтан медалийн төлөө хүч сорьсон, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Турк улсын тамирчин Бусе Тосун бусдыгаа хошуучилж, чансааны эхэнд бичигджээ. 72 кг-д Э.Даваанасан 37 000 оноотойгоор аман хүзүүдсэн байна. Энэ удаа жингийнх нь шилдгүүдээс түүнтэй “Белград-2023” ДАШТ-д үзүүр, түрүү булаалдсан, АНУ-ын тамирчин Амит Элор чансааны I байрт эрэмбэлэгдлээ.