Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийн манай улсад хийсэн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөв. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны зорилт, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Ингэхдээ худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллах, үр, тарьц суулгалтын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх, Монгол орны тодорхой бүс нутагт ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэх тухай ярилцсан юм. Тэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн “Монгол Улс, БНБУ-ын хоорондох хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх замын зураг” байгуулахаар тохиролцлоо. Мөн сайд С.Ф.Алейник Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм.
Түүнчлэн энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак манай улсад айлчилж, УИХ-ын дарга, дэд дарга, зарим байнгын хорооны даргатай уулзав. Айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүдэд улаан модон сандал, ширээ нэмж бэлэглэсэн юм. Хоёр улсын Засгийн газрын хоорондох комиссын XII хуралдааныг энэ онд Вьентьян хотноо хийхээр талууд тохирчээ.
Б.Уран