Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Швед Улсын Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд Андреас Карлссонтой гуравдугаар сарын 12-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хот болон Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдвэрлэхэд шведийн туршлага, технологийг ашиглах, шведийн компани, төр, хувийн хэвшлийн түншлэлүүдийг татах, хамтран ажиллах талаар санал солилцжээ. Тухайлбал, Хархорин хотын хөгжлийн концептийг боловсруулах олон улсын нээлттэй тендерт Шведийн төр, хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулах, хот болон Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр “SwedFund”-тай хамтран ажиллах боломжийг судлах саналыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн тавив.
Энэ онд Монгол Улс, Швед Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд энэ хугацаанд бизнесийн харилцааг ирээдүйд өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавигдсан гэж үзэж байгааг Шведийн Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд А.Карлссон тэмдэглэсэн. Мөн хоёр орны хамтын ажиллагааг ухаалаг, ногоон, тогтвортой хот төлөвлөлт, дахин төлөвлөлтийн чиглэлээр идэвхжүүлэх нөөц бололцоо байгааг онцлов. Швед Улс “Team Sweden”-ийн хүрээнд холбогдох сонирхсон компаниудын хамт Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хамтын зорилтдоо хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.