НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган “Ядууралд анхаарлаа хандуулах, институцуудыг бэхжүүлэх, жендэрийн хэтийн төлөвтэй санхүүжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах ажлыг хурдасгах” тэргүүлэх сэдвийн хүрээнд Нью-Йорк хотноо үргэлжилж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газраас жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт хийх замаар жендэрийн тэгш байдлыг сайжруулах, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, жендэрт суурилсан цалингийн ялгааг арилгах арга хэмжээг ядуурлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээтэй уялдуулах бодлого баримталж байгаа талаар танилцууллаа.
Мөн Монгол Улсыг оролцуулаад НҮБ-ын гишүүн 96 улсыг эгнээндээ багтаасан Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг устгахын төлөөх Анд нөхдийн бүлгээс зохион байгуулсан тусгай арга хэмжээнд сайд Х.Булгантуяа оролцож, бүлгийн гишүүдийг төлөөлөн Морокко, Турк, Нидерланд, Люксембург, Лихтенштейн, Польш, Австрали зэрэг улсын сайд нарын хамт үг хэлж, манай улсад эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, сорилт бэрхшээлийг танилцуулж, туршлага солилцжээ.
Түүнчлэн, АНУ-ын Төрийн Департаментын Глобал эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Гита Рао Гупта болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ерөнхий Нарийн бичгийн даргын орлогч, Тэргүүн дэд Захиргаа хариуцсан, Гадаад хамтын ажиллагаа, зөвлөхийн товчооны дарга Ульрика Модийр, Хүн амын сангийн Дэд гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн орлогч Диен Кейта, Хүүхдийн сангийн Нийгмийн бодлого, Нийгэм хамгааллын хөтөлбөр хариуцсан Натали Виндэр, болон бусад удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийж хүүхэд хамгаалал, залуус, эмэгтэйчүүд, хүүхдэд хүрэх нийгмийн бодлого, хөтөлбөр, төсөв боловсруулахад орон нутгийн засаг захиргаа, төр засагт чиглэсэн нөлөөллийн ажилд хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.