“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгг заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг онцлон тэмдэглээд тогтоолын төслийг боловсруулахдаа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргиин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан” гэж байлаа.
Мөн тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар танилцуулгад дурдсан байв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжив.
Хуралдааны төгсгөлд дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонх батлахыг дэмжсэн тул “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонссоноор баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв