Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам Монгол Улсад ирэх дөрөвдүгээр сард айлчилна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хоёр орны харилцаа өргөжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээр улам гүнзгийрч байгааг Б.Энхбаяр сайд дурдаад, хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар хооронд олон чухал баримт бичгүүдийг байгуулсныг онцлов.
Түүнчлэн Монгол, Вьетнам хоёр орны иргэдийн харилцан зорчих, ажиллах, суралцах, аялах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өсжээ. Үүнтэй холбоотойгоор хоёр орны хууль сахиулах байгууллагуудын харилцаа хамтын ажиллагаа улам илүү нягтруулах шаардлагатайг дурдаад айлчлалын зохион байгуулалтын талаар талууд санал солилцлоо.