Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Гадаад харилцааны яаманд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны зорилт, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, тэр дундаа худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал, хүмүүнлэг, аялал жуулалч зэрэг олон салбарт өргөжүүлэхээр тохиролцжээ. Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” -д тусгагдсан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллах, үр тарьц суулгалтын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх, Монгол орны тодорхой бүс нутагт ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэх талаар дурджээ. Мөн Монгол Улсад хамтарсан компани байгуулах замаар сүүний чиглэлийн цогцолбор фермүүд байгуулах, Беларусийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг Монголд угсрах, үйлдвэрлэх чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлнэ. Талууд хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх замын зураг- баримт бичгийг байгуулахаар тохиролцлоо.
Түүнчлэн эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хоёр улс хоорондын бараа бүтээгдэхүүн хуралдах цэгүүдийг Минск, Улаанбаатар хотуудад байгуулахаар шийдвэрлэжээ. Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийн айлчлалын эхний өдөр Монгол Улс-Евразийн зөвлөлдөх уулзалт болж, Монголын бүтээгдэхүүнийг тус бүс рүү экспортлох боломжийг нэмэгдүүллээ.