Австралийн нарийн ноост мерино үүлдрийн хонины хөврөл үрийг үзэмчин үүлдрийн хонинд шилжүүлэн суулгах туршилт амжилттай болсон талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тус яамны Малын удмын сангийн үндэсний төвийнхөн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, АДРА олон улсын байгууллагын судлаачидтай хамтран энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Нийт 50 хонинд хөврөл үр шилжүүлэн суулгасны 30-аас нь мерино үүлдрийн төл аваад буй гэнэ.
Малын удмын сангийн үндэсний төвийнхөн импортоор оруулж ирсэн, англи, араб үүлдрийн азарганаас хөврөл үр авч, гений санд хадгалах ажлыг туршиж байгаагаа мөн танилцуулав. Манай улсад малын үрийг гений санд хадгалах нь элбэг ч азарганыхыг авч байгаагүй аж. Энэхүү туршилтын ажилд ХААИС-ийн судлаачид оролцож байна. Туршилтын үр дүнгээс хамааран монгол азарганы үрийг малын үндэсний гений санд хадгалах ажил хийхээр төлөвлөжээ.