Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор, Японы Засгийн газраас хандивласан нүүдлийн амбулаторийг орон нутагт ажиллуулж эхэлжээ. Тус нүүдлийн амбулаторид Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж байгаа бөгөөд тэд 21 аймгийн иргэдэд хүрч үйлчилнэ. Эмч нарын баг аймаг болон сум дундын эмнэлэгт очиж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх ажээ. Нүүдлийн амбулаторийн “аялал”-ыг өчигдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас эхлүүлсэн.
Эрт илрүүлгийн баг нүүдлийн амбулатори буюу тусгай тоноглосон автобустай. Тус амбулаторид зөөврийн дуран, ЭХО, рентген аппарат, шинжилгээний лаборатори зэрэг үзлэг, оношилгоонд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд бий гэнэ. Тэд зөвхөн сумын төвийн иргэдэд бус, алслагдсан баг, хороодынхонд ч хүрч үйлчлэх боломжтой юм байна. Тухайлбал, зүрх, судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ өвчнийг эл амбулаторид эрт илрүүлэх аж. Мөн биохими, өтгөнд далд цус илрүүлэх, гепатит B, C вирусийн шинжилгээ хийх гэнэ. Эдгээрээс гадна зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн болон бамбай булчирхайн үзлэг, оношилгоо зэргийг газар дээр нь хийж, иргэдэд зөвлөгөө өгөх нь.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн