Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэв. Зудын гамшигт нэрвэгдсэний улмаас малчид банкны зээлээ төлөх чадваргүй болоод буй. Тиймээс Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсвэл ангиллынх нь чанарыг бууруулахгүй байх зохицуулалт оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн байна.
Малчдын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг улсын төсөвт багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, оны сүүлийн хагаст хэрэглэх эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгав.
Мөн зудын улмаас их хэмжээний хохирол амссан, малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны төсөвт багтаан хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болгожээ. Улсын нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, энэ сарын 6-ны байдлаар 21 аймагт нийт 3.9 сая мал хорогдоод буй аж.
Бэлтгэсэн С.Уул