Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник 2024 оны гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч нар дагалдах юм. Айлчлалын үеэр тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн удирдлагад бараалхана.
Мөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалтууд хийхийн зэрэгцээ, Онцгой байдлын ерөнхий газарт зочилж, хоёр тал хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцана. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм. 1996 онд Гадаад хэргийн сайд В.Л.Сенько Монгол Улсад анх айлчилж байжээ.