Эм хангамжийн салбарынхан бид үнэт зүйл, мэргэжлийн үйл ажиллагаа, итгэл үнэмшлээрээ Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоонд нэгдэж, мэргэжлийн ёс зүй, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр иргэдийг жигд хүртээмжтэй хангах үүргээ биелүүлсээр ирлээ. 2023 оны байдлаар манай улсад тусгай зөвшөөрөл бүхий 46 эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр, 528 ханган нийлүүлэх, 2800 орчим эмийн сан, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага үйл ажиллагаа явуулж, 20 мянган ажилтантай байна. Сүүлийн үед судалгаа, нотолгоо, мэдлэгт суурилдаг өвөрмөц онцлогтой эмзүйн салбарын талаар шинжлэх ухаанч бус, хөнгөн хуумгай дүгнэлт гаргаж, олон нийтэд түгээж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах,эмийн чанар аюулгүй байдал, эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд эргэлзэхэд хүргэж байна.
Тухайлбал, шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй эмийн дийлэнх хувь нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн буюу шинэ бүтээгдэхүүний туршилтын болон шинээр бүртгүүлэх эмийн дээж байсан бөгөөд уг бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зах зээлд гаргаагүй байна. Мөн эмийн найрлагад байгаа үндсэн бодисыг байх ёсгүй бодис илрүүлсэн мэтээр мэргэжлийн бус, алдаатай, туйлын хариуцлагагүй дүгнэлтийг гаргасан байна. Энэ мэтчилэн буруу ташаа мэдээ,мэдээлэл түгээхээс зайлсхийж мэргэжлийн байгууллагаас тодруулах, зөвлөгөө зөвлөмж авах, нотолгоо судалгаанд үндэслэсэн бодит мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллахыг уриалж байна.
Түүнчлэн хууль бус,зөвшөөрөлгүй, бүртгэлгүй эмийн худалдаа газар авч байгаа нь ноцтой үр дагаварт хүргэх аюултай. Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбооны зүгээс цахим орчин дахь эмийн замбараагүй заруудад судалгаа хийж, холбогдох төрийн байгууллагуудыг мэдээллээр ханган, хамтран ажилласны дүнд зөвшөөрөлгүй, бүртгэлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй эм бэлдмэлийг илрүүлэн, зохих арга хэмжээ авсаар байна. Эм зүйн салбарынхан бид мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай хүний нөөцийг бүрдүүлэн, дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэн, мэдлэгт суурилсан хамтын ажиллагаанд тулгуурлан хүн амыг чанарын баталгаатай эм бэлдмэлээр жигд хүртээмжтэй хангах үүргээ биелүүлсээр байх болно. МЭЗБН “ЭМ” ХОЛБОО