Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Манай сонгуулийн зохион байгуулалт, эрх зүйн орчны талаар мэдээлэл авч, санал солилцохоор тэд Монгол Улсад ажиллаж байгаа аж. Ардчилсан институт, хүний эрхийн газар нь ЕАБХАБ-ын гишүүн орнуудын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, мэргэжлийн түвшинд, хараат бусаар санал, зөвлөмж гаргах, сайн туршлагыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Энэ удаагийн багийн Монгол Улсад ажилласан тайлан, дүгнэлтэд үндэслэн сонгууль ажиглах цар хүрээг тодорхойлж, ажлаа төлөвлөх гэнэ.
Уулзалтын үеэр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн онцлох зохицуулалт, холбогдох дүрэм, журам болон зохион байгуулалын үйл ажиллагааны явц, тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хангах, нээлттэй ил тод байдлыг дээшлүүлэх, сонгогчдод олгох зэрэг олон талт ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны даргаас дэлгэрэнгүй мэдээлэл авав.
Түүнчлэн энэ өдөр “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын ээлжит уулзалт болсон юм. Энэ удаагийн уулзалтаар сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын явц болон сурталчилгаа явуулах, нэвтрүүлэх, түүнд хяналт тавих, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар холбогдох албан тушаалтнууд сэтгүүлч, судлаачдад мэдээлэл өгч, санал солилцов. Мөн Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах, Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын онцлох зохицуулалт, анхаарах асуудлын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл мэдээлэл өгсөн юм.
Бэлтгэсэн Б.Уран