Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газар, ХЗДХЯ, УБЕГ зэрэг төрийн хариуцлагатай байгууллагад ажиллаж байгаад эдүгээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хаших болсон түүнийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгасан. НПГ-аас Д.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсгийн “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй” гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, 2023 оны аравдугаар сард дээрх шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь уншигчдадаа хүргэсэн билээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор У.Анхжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, гэрч, шинжээч нар болох Д.Золзаяа, Б.Энхжаргал, Б.Ойдов нарыг оролцуулан уржигдар 13.30 цагаас эхлэн хаалттай хэлэлцээд, Д.Ган-Эрдэнэд 650 нэгж буюу 650 мянган төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Эл зүйл заалтад төрийн албанд ажиллах эрхийг хязгаарлах нэмэгдэл ял байхгүй. Гэхдээ Засгийн газрын “Шүүр” ажиллагааны хүрээнд ял шийтгүүлсэн хүнийг төрийн албанаас чөлөөлөхөөр болсон. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж эрүүгийн хариуцлага хүлээсэн ойрын хүнээ хэрхэхийг харах л үлдэв.